Б.Галсансүх : Бурханд хэлэх зөвлөгөө

Чи хийсэн кино бүхэнд нэжгээд МӨНГӨ үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Мөнгө гэсэн үгтэй киног хүмүүс мөн ч их үзэж байна
Чи зохиосон дуу бүхэнд нэжгээд ХАЙР гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хайр гэсэн үгтэй дууг хүмүүс хамгийн их сонсож байна
Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхаж байна
Чи шилжилтийн үед бүгд ЗОВОХ ёстой гэж надад
Чанга дуугаар хэлсэн. Шилжилтийн үе нь юм байлгүй, бүгд л зовж байна
Чи бичиж байгаа ном бүхэнд ЖАРГАЛ гэсэн үг орох ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. ЖАРГАЛ гэсэн үгтэй номыг хүмүүс жигтэйхэн их уншиж байна
Чи зохиосон хөгжим бүхэнд О ля ля гэсэн номыг хүмүүс аяз байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. О ля ля гэсэн аяз хүмүүст онцгой таалагдаж байна
Чи тамхины хайрцаг бүр дээр ХОРТОЙ гэсэн үг байх ёстой гэж
Чанга дуугаар хэлсэн. Хортой гэсэн тамхийг хүмүүс хамгийн их татаж байна
Чи уух архины шил болгон дээр ЧАНАРТАЙ гэсэн тэмдэг тавь гэж
Чанга дуугаар хэлсэн. Чанартай гэсэн архийг хүмүүс шил шилээр нь ууж
Чиний хэлсэн бүхнийг чинь БУРХАН гуай бид бүгдийг биелүүлдэг
Чамд хэлэх нэг зөвлөгөө байна: –Чи битгий хуц аа.

Б.Галсансүх : Бурханд хэлэх зөвлөгөө постпанк шүлгүүдээс

Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи…

Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи…

Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л
Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи…

Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг
Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг
Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л
Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л

Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи…

Haд шиг хүн бүхэн дурламтгай (Үнэн шүүү)
Haд шиг дурладаг хүн гэж байхгүй (Магадгүй ээ)
Haд шиг дурламтгай хүн хаана ч байхгүй (Харж л байя)
Haд шиг хэн ч хэзээ ч дурлахгүй (Ойлгомжтой)
Haд шиг хэн ч хэзээ ч дурлаж байгаагүй (Худлаа байлгүй)
Haд шиг хэн ч хэзээ ч дурлахгүй (Шал худлаа)
Haд шиг хэн, хэзээ дурлаж байсан юм бэ? (Санадаггүй ээ)
Haд шиг дурламтгай хүн байна уу (Байлгүй яахав)

Түлхэж тэмтрээд л өөрийгөө нээдэг түлхүүртэй байлаа.
Гээчихээд одоо гэмшиж явна, гунихарч явна.
Гадаа гэртгүй дотор минь юу болж байгааг мэдэхгүй.
Мэдэх санаатай чагнавч мэдэгдэхгүй.
Мэс засалч хайчаа мартаж оёод
Өвчтөний оёдол өөгүй сайхан эдгэсэн хойно
Өнөөх хайч дотроос (дөрөөгөө чангалсан
Мартамхай эмчийг дахин үгүйлэн) тэмтрэгдэх
Мэтээр л өөрийгөө онгойлгодог түлхүүрээ хаанаас
Хайхаа мэдэхгүй хачин зовлонтойгоор хайгуулчин шиг
Хайж хорвоог туулмааргүй. Та нар түлхүүрийг минь олоогүй биз?

Үхнэ гэдгээ төрөхөөсөө өмнө ухаарсан
Үхэж чаддаггүй амътан байх яасан хэцүү юм бэ?
Үүлэнд нэр өгч, загас тэжээж, сарьсан багваахайгаас цочиж
Үүдэндээ хонх өлгөж, үсэг тогтоож, тоо бoдoж
Амьдралд өдөр өнгөрөх бүр дacaж, зүгширч, шунаж
Аз жаргалыг хүсэмжилж, зовлон, уйтгар хоёроос зугтаж
Аймаар их ганцаардлыг мөрөөдөж, тэгснээ тэрнээсээ залхаж
Амьдралыг үхэхээсээ өмнө ухаарсан амьтан байх яасан хэцүү юм бэ?

Б.Галсансүх: СОНГОДОГ АВАНГАРД-ХҮН СУДЛАЛ

Нэг дэлбээ, хоёр дэлбээ, гурван дэлбээ
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? Эсвэл амьдрах уу?
Үйлийн үр үү? Эсвэл зурсан зураг уу?

Нэг амьдрал, Урьдах амьдрал, Хойд амьдрал
Надад энд амьдрах сайхан байна.
Тэгээд Үхэх үү? эсвэл Амьдрах уу?
Тэндхийн диваажин дээр үү? эндхийн там дээр үү?
Нэг мөрөөдөл, нөгөө хүсэл, өөр найдвар
Надад өөр зүйл хэрэггүй нь сайхан байна.
Амьдрах уу? Тэгвэл үхлийг үзэн яд.
Үхэх үү? Тэгвэл амьдралыг үзэн яд.
Нэг хайр, бас шохоорхол, нууц тачаал
Намайг энэ бүхэн нь хүрээлдэг нь сайхан байна.
Үйлийн үр үү? Тэгвэл хүлцэн тэвч.
Зурсан зураг уу? Тэгвэл ерөөлөөрөө болог.
Нэг амьдрал, өөр мөрөөдөл, бас шохоорхол
Надад цэцгээр мэргэлэх сайхан байна.
Үхэх үү? амьдрах уу? найдах уу? хайрлах уу?
Үйлийн үрээ эдлэх үү? Нөгөө хүслээ гүйцээх үү?

Б.Галсансүх:Би хэлбэрдэгч яруу найрагч

Би хэлбэрдэгч яруу найрагч
Бэлэн болсон шүлгүүдээр минь
Хуушуур ч боож болно.
Xaнaндaa ч хaдaж болно. Хүүхэддээ ч цээжлүүлж болно.
Чангаар ч уншиж болно. Цээжлээд ч мартаж болно.
Чихрийн цаас шиг шүлгүүд минь хэнд ч хэрэггүй
Би хэлбэр хөөцөлдөж утгыг эрсэн яруу найрагч
Боорцог, боов боох боодлын цаас бол, миний шүлгүүд
Номын сангийн тоосонд дарагдаад мартагд, миний шүлгүүд
Ноцохгүй байгаа галыг нъ acaaгаад сайхан шат, миний шүлгүүд
Жорлондоо хэрэглэсэн ч болно. Миний шүлгүүдийг
Жорлондоо cyyгaaд уншсан ч болно. Миний шүлгүүдийг
Би хов хоосон шүлэг бичдэг. Хэнд ч хэрэггүй үгийг олдог.
Би хэт их хэлбэр рүү хошуурч, утгыг гүнзгийрүүлсэн
Утгагүй яруу найрагч. Миний шүлгүүдийг
Урж тасдаж ч болно. Усанд дүрээд цонхоо арчсан ч болно.
Миний шүлгүүд одоо минийх биш. Хүүхэнтэй хавьтах шиг
Маш их жаргаж өөртөө бичээд хүүхдээ хаяж мapтдаг
Хатуу сэтгэлтэй ээж шиг хөгийн хэлбэрдэгч яруу найрагч би
Хөхөө шиг өндгөө өөрөө дардаггүй өөдгүй хэлбэрдэгч яруу найрагч би